top of page

Бидний өргөх бичигт нэгдээрэй

Монгол Улсын иргэд бид нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлаар УИХ-ын эрхэм гишүүдэд хандах нь зүй ёсны хэрэг билээ. Иймд тамхидалтын хор хөнөөлийг бууруулах боломжийг мэргэжлийн хүмүүсийн саналд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллагынхаа анхааралд хүргэж байна. Үүнд олон хүн нэгдсэнээр төр, засаг шуурхай арга хэмжээ авна гэдэгт итгэж байна.

mips.png

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд өргөх бичиг

Эрхэм гишүүд ээ,

 

Сүүлийн үед Монгол улсад тамхидалт, хотжилт, агаарын бохирдол, химийн болоод уулын баяжуулах, олборлох үйлдвэрийн хөгжил, газрын хөрсний бохирдол, хүн амын харшламтгай байдал жилээс жилд ихэссээр байна. Үүнтэй холбоотой уушгины хавдар, сүрьеэ, астма болон амьсгалын замын бусад эмгэг тэргүүлэх байр эзэлж байна.

 

Тамхидалт нь уушгины хорт хавдар, зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин зэрэг олон ноцтой өвчний үндсэн шалтгаан болдог нь судалгаагаар тогтоогдсон. Монгол улсад насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь тамхи татаж байгаа гэсэн тоо баримт байна.

 

Монгол Улсын хувьд утаат тамхины хяналтын хууль амжилттай хэрэгжиж байгаа хэдий ч утаагүй бүтээгдэхүүнүүд хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа нь тамхи татдаггүй хүмүүсийн дунд ийм төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэхэд хүргэж болзошгүй байна. Тэдгээрийн урт хугацааны нөлөөг цаашид ажиглаж, хянах шаардлагатай хэдий ч тамхи татагчдыг хор хөнөөл багатай бүтээгдэхүүн рүү шилжүүлэх нь нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал алхам болохыг олон улсын жишээнүүд харуулж байна. Утаагүй бүтээгдэхүүнд зориулан эрсдэлийн түвшнээс хамаарсан эрх зүйн зохицуулалт, татварын бодлого нэвтрүүлснээр өсвөр насныхан болон тамхи татдаггүй хүмүүсийг хамгаалахаас гадна тамхинаас гарахгүй байгаа хэсэг нь хор багатай хувилбар руу шилжсэнээр нийтийн эрүүл мэндэд өгөөжтэй байх юм.

 

Тиймээс бид холбогдох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг төлөөлөн дараах асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд хандаж өргөн мэдүүлж байна:

1. Утаат тамхи болон утаагүй бүтээгдэхүүнийг аль алиныг нь хамруулан эрсдэлд суурилсан хуулийн зохицуулалт, татварын бодлого хэрэгжүүлэх: Уламжлалт утаат болон утаагүй бүтээгдэхүүнд тохирсон нөхцөл бүхий хууль, татварын зохицуулалт хийх нь шударга бөгөөд үр дүнтэй арга хэмжээ болох юм. Энэ нь эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг цогцоор нь бууруулах боломж олгоно. Мөн тамхинаас гарахгүй байгаа хүмүүс арай хор багатай хувилбар руу шилжих хөшүүрэг бий болно. Өнөөдөр дэлхийн олон улс орон, тухайлбал, АНУ, Их Британи, Чех, Швед, Шинэ Зеланд улс тохирсон нөхцөл байдлаар эрх зүйн зохицуулалт, татварын бодлого гарган хэрэгжүүлж байна.

 

Тамхины хор хөнөөлийг багасгах эрх зүйн зохицуулалт нэвтрүүлснээр нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх: Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас санхүүжүүлсэн судалгаагаар янжуур тамхи татаж байгаад утаагүй бүтээгдэхүүн рүү шилжихэд зүрх судасны өвчний эрсдэл янжуур үргэлжлүүлэн татсанаас буурч байгааг тогтоосон. Мөн түүнчлэн утаагүй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр тамхинаас бүрмөсөн гарсан тохиолдолд зүрх судасны өвчний эрсдэл утаагүй бүтээгдэхүүн рүү шилжсэнээс ч бүр илүү багасч байна гэж дүгнэсэн. Гэвч манай улсад өсвөр насны хүүхдүүд болон тамхи татдаггүй хүмүүс цахилгаан тамхи ихээр хэрэглэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн үйлдэл юм.

 

2. Шинжлэх ухаан, нотолгоонд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх: Олон улсын туршлагаас харахад, тамхи орлуулагч бүтээгдэхүүнүүдийг хуульчлан зохицуулах нь янжуур тамхи татагчдын тоог бууруулахад эерэг үр дүн үзүүлдэг. Жишээлбэл, Исланд, Их Британи, Норвег, Швед, Шинэ Зеланд, Япон зэрэг улс утаагүй бүтээгдэхүүнд эрх зүйн зохицуулалт тогтоосноор утаат тамхины хэрэглээг 30-50 хувиар бууруулж чаджээ.

 

3. Өсвөр насныхан болон тамхи татдаггүй хүмүүсийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх: Боловсролоор дамжуулан өсвөр үеийнхнийг тамхи татахаас урьдчилан сэргийлж, тамхи татдаггүй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Чингэхдээ мэдээллийг зөвхөн насанд хүрсэн никотин хэрэглэгчдэд хүргэх байдлаар хязгаарлах, тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй.

 

Энэхүү саналыг хэрэгжүүлснээр Монгол Улс тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулах, эдийн засгийн хүндрэлийг багасгах, мөн дэлхийд тэргүүлэх жишигт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэгч улс орнуудын эгнээнд нэгдэх боломжтой гэж бид үзэж байна.

 

Хүндэтгэсэн,

 

Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэг

 

 

 

Эх сурвалжууд:

 

  1. https://www.ahajournals.org/doi/10.1161/CIRCULATIONAHA.121.054967

  2. https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-authorizes-marketing-iqos-tobacco-heating-system-reduced-exposure-information

  3. https://publications.parliament.uk/pa/cm201719/cmselect/cmsctech/505/50504.htm

  4. https://www.ash.org.nz/about_ash

  5. https://tobaccocontrol.bmj.com/content/early/2024/10/29/tc-2024-058734

Нэрээ нэмж оруулах

bottom of page